“Дэлхийн номын өдөр”-ийг УИХ-ын Тамгын газартай хамтран тэмдэглэж байна


Шинжлэх ухаан технологийн төв номын сан УИХ-ын тамгын газартай хамтран “Дэлхийн номын өдөр”-ийг Төрийн ордонд тэмдэглэж байна. Арга хэмжээний нээлтийн ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын газрын ЕНБ-ийн дарга Ц.Цолмон, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын ЕНБ-ийн дарга С.Уянга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Л.Тэрбишдагва, Д.Оюунхорол, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ШУТНС-ийн захирал, профессор Ч.Гулнар, МЗЭ-н тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир болон бусад албаны хүмүүс уригдан оролцлоо.

 

"Дэлхийн номын өдөр-2018" арга хэмжээ нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах бодлогын хүрээнд УИХ-ын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.  11 дэх жилдээ зохион байгуулж байгаа тус арга хэмжээнд ШУТИС-ийн профессор багш нарын бүтээлийг таниулан сурталчлах, олон улсын мэдээллийн сангуудыг их дээд сургууль, судалгааны байгууллагууд хамтран ашиглах боломжийн талаар мэдээлэл солилцох, хэвлэлийн газруудтай хамтран ажиллах ажил зохион байгуулагдаж байна.

 

ШУТИС-ийн профессор багш нарын бүтээлийг таниулан сурталчлах арга хэмжээний хүрээнд БуХС-ийн захирал, профессор А.Энхбат "Эл хаадын соёл, бичиг үсгийн дурсгал" номоо танилцуулан хэлэлцүүлэв. Энэ үеэр ШУТИС хэвлэлийн газар, МУИС “NEPKO”, “Internom”, “Аз хур” хэвлэлийн газруудын номын хямдралтай номын худалдаа хийж байна. 

 

Маргааш буюу 24-ний өдөр ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд Академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Sc.D Д.Дашжамц "Шинжлэх ухааны судалгааны ажлын онол арга зүйн үндэс" номын хэлэлцүүлэг, номын үзэсгэлэн, хэвлэлийн газруудын номын худалдаа хямдралтай болох юм байна.

Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан нь 2007 оноос эхлэн "Дэлхийн номын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж, арга хэмжээний хүрээнд "Олон улсын техник технологийн номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж, олон улсын мэдээллийн сангуудыг таниулан сурталчлах, сургалт явуулах, ОХУ-ын эрдэмтдийн бүтээлийн сан, цахим номын үзэсгэлэн, солилцоог Монголын их дээд сургууль, гадаад дотоодын хэвлэлийн газар, профессор багш, оюутан уншигчдад хүргэж ирсэн.

ШУТИС-ийн номын сангийн сан хөмрөгт шинжлэх ухаан, техник технологийн чиглэлийн ном, сурах бичгээс гадна Ганжуур Данжуурын бүтээл, дэлхийн сонгодог зохиолууд, Эртний Энэтхэгийн бичгийн хэл болох санскрит хэлээр бичсэн Цагаан Бадамлянхуа нэртэй ховор гар бичмэл хадгалагдаж байна. Мянган жилийн түүхтэй дал модон дээр бичигдсэн Бадамлянхуа судрыг "Судруудын хаан" гэж нэрлэдэг. Энэхүү гар бичмэлийн эх хувилбар нь Английн номын санд хадгалагдаж байдаг. Бадамлянхуа судар нь дэлхийн хүн төрөлхтөний сайн сайхан, хайрлан энэрэх, нигүүлсэхүй чанарыг агуулсан соёлын дурсгалт бүтээл юм.




Bookmark and Share